Би Усан Цахилгаан Станцын инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ШУТИС-д 14-н жил багшилсан. Газрын доорх усны хайгуул, Усны барилгын зураг, Байгаль орчны үнэлгээ зэрэг мэргэжлийнхээ чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Мөн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газрын орлогч дарга, Монгол Ус ТӨУҮГ-ын захирал зэрэг төрийн ажлуудыг мэргэжлийнхээ дагуу хийж ирсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС төсөлд Байгаль Орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний түншлэлийн багийн ахлагчаар ажилласан.
Мэргэжлийн хүний хувьд Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн судалгаа ямар байна гэж харж байгаа вэ?
Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын төсөл бол Монгол улсад томоохонд тооцогдох мега төсөл. Энэ төрлийн төслүүдийг манай улс урьд өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай. Мэдээж хэрэг төсөл хэрэгжүүлэхэд ойр орчмын газрыг чөлөөлж улс өөрийн тусгай хэрэгцээндээ авах ёстой байдаг. Түүнийхээ дагуу тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд, малчдын аж байдлыг өмнөх байдлаас нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлыг төр хариуцдаг. Энэ чиглэлээрээ бүх процесс хуулийн дагуу явж байгаа гэж харж байгаа. Гадны улс орнуудын жишгийг харахад стратегийн ач холбогдолтой энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн хот суурингаар нь чөлөөлөх хүртэл ажиллагаа хийгддэг. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхэд хүн, байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болно гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг.
Орон нутгийн зарим иргэд Төслийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Эсэргүүцэлд дурьдагдаад байгаа нөхцөл байдал орон нутагт үүсээд байгаа юу?
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийг эсэргүүцээд байгаа шалтгаан нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Усан цахилгаан станц баригдаад Увс аймгийн Өмнөговь сумын газар нутаг усан доор орчих юм яриад байгаа. Гэтэл Өмнөговь сум 314,600 га нутаг дэвсгэртэй. Түүний 1.11 хувь нь л Усан цахилгаан станц баригдах талбайд хамрагдах байгаа. Үлдсэн 99 орчим хувь нь хэвийн хэмжээндээ байна. Өмнөговь сумын хэмжээнд нийт 1185 өрхтэй. Үүнээс Улиаст багийн 125 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаад байгаа. Тэгэхээр сум тэр аяараа усанд автах гэж байгаа мэтээр худал мэдээлэл тарааж, иргэдийг төртэй нь талцуулаад байгааг гайхаж байна. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлийн эрхтэй нэг ч газар байхгүй. Харин ч эсрэгээрээ Усны тухай хуульд зааснаар Голоос 50 метрт Онцгой хамгаалалтын бүс, 200 метр дотор Энгийн хамгаалалтын бүсэд тооцож айл өрх амьдрахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нүүлгэн шилжүүлэх 125 айл өрхийн ихэнх нь хамгаалалтын бүс дотор амьдарч байгаа. Ингээд үзэхээр алдаатай тал харин ч эсрэгээрээ эсэргүүцээд байгаа харагдаад байгаа юм. Саяхан хэвлэлийн хурал хийгээд байсан Тал бичээч Д.Жаргалсайхан гэх нөхөр хэлэхдээ: Усан цахилгаан станц барих нь аюултай, тусгаар тогтнолд сөргөлдөхөөр юм биш үү, Эрчим хүчний тусгаар тогтнол гэж байхгүй энийг чинь хэн барих юм? Газар нутгийг сүйтгэх гээд байна, Усан далай болгох гээд байна гэх мэт илтэд судалгаа шинжилгээ, тооцоололгүй мэдээлэл тарааж байгаа нь огт үндэслэлгүй. Эдгээр асуудал болгож тавиад байгаа шалтгаануудад нь товчоор хариулья. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц бол Сэргээгдэх эрчим хүчний төрөл бөгөөд байгаль экологид хамгийн аюулгүй харин ч ээлтэй байдлаар Эрчим хүч үйлдвэрлэх төсөл юм. Тусгаар тогтнолд сөргөлдөх юу ч байхгүй. Харин ч эсрэгээрээ Эрчим хүчээ гадны улс орнуудаас хараат бус байдлаар дотооддоо хангах боломж юм. Одоогийн байдлаар Баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байна. Усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол байдаг. Энэ нь амьдрал дээр асар их ашиг тустай, иргэдэд эдийн засгийн дэмжлэх болохуйц байдал үүсч байна гэсэн үг. Эрчим хүчний тусгаар тогнолын томоохон үр ашигтай хэлбэр гэж ойлгож болно. Газар нутаг сүйдэж Усан далай болохгүй ээ. Шижигтийн хавцалд усан хуримтлал үүсгэж Улсын тусгай хэрэгцээнд авсан 28,000 га газрын 9,7 орчим га газар нь хиймэл нуур үүснэ. Мэдээж хэрэг Нийгмийн нөлөөлөл үүсч тодорхой тооны айлуудад хүндрэл үүсэх учир Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор болон дүйцүүлэн хамгаалах ажилд 11 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс хууль журмын дагуу он оноор арга хэмжээнүүдийн авч хэрэгжүүлнэ.
Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн хурлаас Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох тогтоол гаргасан байдаг. Тогтоолд дурьдагдаад байгаа сөрөг нөхцлүүд үүсэх үү.
Өмнө хэлсэнчлэн эсэргүүцээд байгаа цөөн тооны иргэдийн үндэслэлгүй тогтоол гаргасан байна лээ. Тогтоолд дурьдсанаас нь эхлээд хариулаад явья.
Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болно гэсэн байсан. Ховд гол нь Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутгуудаар дамжин урсдаг. Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэм мэт томоохон нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгадаг. Тэгэхээр тогтоолд тусгаснаар бол энэ бүх газруудыг дагасан 593км голын ай сав тэр аяараа устаж үгүй болохгүй нь ээ. Нэгээхэн хэсэгт нь хуримтлал үүсээд цаашаа гол хэвийн хэмжээнд урсдгаараа урсна.
Түүх соёлын үнэт өв устана гэж тогтоолд тусгасан байсан. Энэ бас бодит бус судалгаагүй нь харагдаж байна. Өмнөговь суманд Улсын тусгай хэрэгцээнд авсан 4576 га газарт 29 байршилд 96 түүхийн дурсгал байна. Эдгээрийг бүгдийг нь Соёлын Яам болон түүх, архелогийн хүрээлэн авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцан 3 жилийн хугацаанд зохион байгуулан ажиллана. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд салбар бүрийн эрдэмтдийн багаас бүрдсэн судалгаа шинжилгээний групп бүх тооцооллыг гаргаад түүнд зарцуулагдах зардлыг Улсын төсвөөс баталчихсан байгаа. Ер нь улс баруун бүсийнхээ эрчим хүчний асуудлыг дотооддоо шийдэхийн тулд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж Засгийн газрын тогтоол хүртэл гарчихсан байхад энэ мэт доод шатандаа гацаах, иргэдийг буруу мэдээллээр хангаж, турхирч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж бодож байна.
Төсөлтэй холбоотой танилцуулга хийж явахад таны биед хоёр ч удаа халдсан гэдэг. Тухайн үед юу болсон бэ?
Тийм зүйл болсон. Энэ асуудал зөвхөн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг дээр л үүссэн. Тус сумын бусад зургаан баг дээр хэлэлцүүлэг хэвийн явагдаж ойлголцлын түвшинд үргэлжилсэн. Төсөл хэрэгжих Баян-Өлгий, Ховд аймгийн сум багийн иргэд дэмжиж байгаа. Мэргэжлийн хүний хувьд тооцоо судалгаагаа танилцуулж явсан. Би хувийнхаа станцын ажлаар биш Улсын стратегийн ач холбогдол бүхий том төслийн ажлаар явж байгаа болохоор үүргийнхээ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаан дээр суурилсан нөлөөллийн үнэлгээгээ танилцуулж байхад миний биед халдаж түлхэж унагасан асуудал гарсан. Би гомдол гаргаж, хууль хүчний байгууллагад хандаагүй. Мэдээж хэрэг олон жил үе үеэрээ нутаглаж ирсэн газар нутаг, малын идээшиж, ундаашсан бэлчээр, хадлантай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор бухимдлаа хүчирхийллээр илэрхийлчихэв үү л гэж бодож, ойлгож байгаа. Нөгөө талаараа иргэн хүнд эрх үүрэг гэж бий. Гэтэл эрхээ дээд зэргээр яриад байдаг үүргээ орхигдуулж, аминч байдлаар хандаж байна гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа. Бидэнд тог цахилгаан хэрэггүй, нарны зайн хураагуураараа болоод л байна, өөр газар наадахаа барь, бослого үймээн гаргана, ална тална гэх мэтээр дайрч байсан. Гэхдээ багийн иргэд 100 хувь эсэргүүцэж байна уу гэхээр үгүй. Тодорхой тооны иргэд л зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлээд байгаа. Асуудлын гол нь эдгээр үндэслэлгүйгээр эсэргүүцээд байгаа иргэдээс илүүтэйгээр цаана нь Баруун бүсийн таван аймгийн 404,000 хүн, 91 сум, 480 орчим багийн иргэдийн эрх ашиг, цаашлаад улс үндэстний стратеийн ач холбогдол яригдаж байгаа учраас төсөл хэрэгждгээрээ хэрэгжинэ гэж бодож байгаа.
Мэргэжлийн хүний хувьд Усан цахилгаан станц баригдсанаар үүсэх Байгаль экологийн эерэг нөлөөллүүд ямар байх вэ?
Маш олон бий. Тэдгээрээс дурьдвал хиймэл нуур үүссэнээр загас үржих маш таатай нөхцөл бүрдэнэ. Дэлхийн улс орнуудад дундаж хур борооны тунадас 880 мм байдаг бол манай улсад дунджаар 47-240 мм хур тундас унадаг маш хуурай уур амьсгалтай орон. Тиймээс нэмж нэг ч атугай усан толио, хиймэл нуур үүснэ гэдэг бол таатай зүйл. Усан толионоос үүдэлтэй ууршилт Ховд, Хар ус нуурын сав газарт хур тунадасны хэмжээ нэмэгдэж хөрсөнд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Усан цахилгаан станцын орчимд хиймэл нуураа дагаад усны шувууд буух гэх мэт эрзрацийн талаасаа ч тэр ландшаптын хувьд үзэсгэлэн төгөлдөр үзэмж төрх үүсэх боломжтой. Мөн Ховд гол дээр Боомтоос доош хэсэгт үер буух үзэгдлийг таслан зогсооно. Учир нь усны түвшин зохицуулах хоёр ч том барилга байгаа учраас үер болох үзэгдэлд цэг тавина. Хэрэв ган гачиг болох, голын урсац татрах юм бол хиймэл нуурнаасаа экологийн урсацыг хаях байдлаар голыг хэзээ ч таслахгүй. Тэгэхээр гол үерлэхгүй, гол тасрахгүй нь гэж ойлгож болно. Хамгийн гол эерэг тал нь баруун таван аймгийг эрчим хүчээр бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болно. Дээр дурьдсанчлан цахилгааны үнэ тариф буурах, өндөр үнэтэй эрчим хүч авахгүй болсноор улс орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Хямд үнэтэй эрчим хүч нь айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд мэдээж санхүүгийн хувьд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Эрчим хүчээ дагаад үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх гэх мэт эдийн засгийн хувьд эерэг үр дагаварууд гарч ирнэ.
Манай улсад энэ төрлийн ижил төстэй Усан цахилгаан станцын үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?
Баруун таван аймгийн хувьд Эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас авдаг. 24 хувийг Дөргөний Усан цахилгаан станцаас авдаг. Саяхан ОХУ Цахилгаан эрчим хүчээ гурван хоног таслахад Дөргөний УЦС Баруун гурван аймгийг Эрчим хүчээр найдвартай хангасан. Бүр аминд орсон байхгүй юу. Өөрийнх нь хүчин чадал 8 МВт байхад 9 МВт-аар ажиллаад гурван хоногийн турш цахилгаан эрчим хүч тасалдуулаагүй. Мөн өнгөрсөн жил шон унасантай холбоотой хоёроос гурав хоног импортын эрчим хүч саатахад мөн л УЦС бүрэн хангаж чадсан байдаг.
Усан цахилгаан станцын давуу тал юу вэ?
УЦС-ын ашигт үйлийн коэффицент 97 хувь байдаг бол дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент 30 хувь байдаг. Жишээ нь Гуравдугаар цахилгаан станц нэг жилд дунджаар гурван сая тонн нүүрс шатааж нэг сая тонн үнс гаргадаг. Тэр чинээгээрээ утаа униар үүсч, агаарын бохирдол үүсгэх, цаашлаад дэлхийн дулааралд нөлөө үзүүлж байна. Үлдэгдэл 70 хувь дулааны эрчим хүч Жоул Томсоны хуулиар яндангаар дамжиж алдагддаг. 30 хувь нь л цахилгаан эрчим хүч болдог. Тийм ч учраас Дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний зардал УЦС-ынхаас өндөр байдаг. Улаанбаатарчууд 1 кВт эрчим хүчийг 170 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэх нь Баруун бүсийн аймгуудын иргэд, аж ахуйн нэгж цаашлаад улс орны эдийн засагт ч үлэмж хэмжээний ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.
Мэргэжлийн хүний үүднээс мэдээллээр хангаж ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа
Эх сурвалж: ЭБУЦС төсөл