III улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно


2022 оны III улирлын НӨАТ-ын буцаалтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд  татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна. НӨАТ-ын:

  • I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
  • II улирлын буцаан олголтыг долоодугаар сард
  • III улирлын буцаан олголтыг аравдугаар сард
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. 

НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ 
  • 2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ.