МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАНАА
Монгол Улсын гадаад бодлогод гарч буй зарим асуудлын талаар
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
1. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Украин Улсын Ерөнхийлөгч В.Зеленский үг хэлэх хүсэлт гаргасныг “дэмжих” санал хураалт явуулахад НҮБ-ын 137 орон дэмжсэн бөгөөд “түдгэлзсэн” санал өгсөн 19 орны нэг нь Монгол Улс байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1-д “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.“ гэж, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал“-ын 4-т “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.“ гэж заасантай дээрх санал өгсөн үйлдэл нийцэж байна уу?
2. Ардчилсан Монгол Улсын төлөөлөл ямар бодлого, шийдвэрийг үндэслэж “түдгэлзсэн“ санал өгсөн, мөн энэхүү саналын үр дагавар нь цаашид Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ?
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ үү.
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН Д. ГАНБАТ
/2022.10.18/