ТӨСӨВ 2023: Боомтуудын төлөвлөлтийг иж бүрэн хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал гэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас зохион байгуулж буй “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлэг \өчигдөр (2022.10.19) “Үндсэн хууль” танхимд боллоо.

“Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат даргалан явуулав.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүд, сайд, хилийн боомттой 11 аймаг, 20 сум, хилийн боомт бүхий 30 гаруй ангийн захирагч, алба тасгийн дарга нар мөн 30 гаруй төрийн холбогдох байгууллага болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 120 гаруй оролцогч танхим болон цахим хэлбэрээр оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат салбар хэлэлцүүлгийн эхэнд Боомтын сэргэлтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн саналыг ангилан танилцуулав. Тэрбээр, иргэдийн саналыг D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр 10 дугаар сарын 7-ноос 17-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан байна. Төсвийн төсөлд иргэдээс 798 санал өгсөн. Үүнээс боомтын сэргэлттэй холбоотой 5 санал, төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой 307 санал, тогтвортой эдийн засгийн чиглэлд 380 санал, халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой холбоотой 75 санал, бусад 31 санал тус тус ирснийг онцлон тэмдэглэв. 

Боомтын сэргэлттэй холбоотой ирсэн саналыг дараах байдлаар ангилсан байна.


Үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргал “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” сэдвээр, Хилийн боомтын захиргааны дарга, Хошууч генерал Ш.Лхачинжав “Хилийн боомтуудын экспорт, импортын нөхцөл байдал” сэдвээр тус тус мэдээлэл өгөв. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131-р ангийн захирагч, хурандаа Г.Баярхүү нар 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлэв.

Манай улс нийт 39 боомттой. Үүнээс агаарын замын 6, авто замын 27, төмөр замын 6 боомт бий. ОХУ-тай хиллэдэг 16 боомтоос 10 боомтоор, БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13 боомтоор ачаа тээвэр, зорчигч хөдөлгөөн тасралтгүй явагдаж байна. Манай улсын ачаа болон зорчих тээврийн дийлэнх хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт эзэлж байна. Жилд Гашуунсухайтын боомтоор 21.6 сая тн ачаа, Шивээхүрэнгийн боомтоор 14.7 сая тн, Замын-Үүд боомтоор 10 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.



"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж буй. Ингэхдээ боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбож үндэсний төмөр замын сүлжээг 2 дахин нэмэгдүүлэх, агаарын тээврийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар 6 боомт дээр бүтээн байгуулалт хийгдэж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажил дунджаар 50-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 11 боомтыг бүтээн байгуулалтын судалгаа, төлөвлөлт, зураг төсөл боловсруулах ажлыг хийж байгаа. Боомт тус бүрийн ажлын явц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргал хэллээ.



Эдгээр хүчин чадлыг нэмэгдүүлэхэд голлох боомтуудын үндсэн болон нэмэлт байгууламж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг салбар хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй илэрхийлж байлаа. Мөн хөрш орнуудын боомтын хөгжлийн төлөвлөлттэй өөрийн орны боомтын сэргэлтийн бодлогыг уялдуулах нь чухал байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн:

- Олон улсын боомтын үйл ажиллагааг сэргээхэд хатуу, зөөлөн дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлахдаа суурьшлын бүсээс ямар зайд байхыг нарийн тогтоох шаардлагатай. Хилийн боомтуудыг авто замаар холбох хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй байна.


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

- Монгол Улсын нүүрс тээврийн томоохон боомтын нэг бол Хилийн Булган боомт. 2019 онд 1.3 сая тн нүүрс экспортолсон бол 2022 оны эхний 10 сарын байдлаар 2.0 сая тн-д нүүрс экспортолсон байна. Булган боомт бүрэн хүчин чадлаараа ажиллавал 3.0 сая тн нүүрс экспортод гаргах боломжтой гэсэн тооцоолол бий. Энэ жилийн үзүүлэлтэд нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь цар тахлын улмаас БНХАУ-ын талаас зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой. Одоогийн байдлаар “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд боомтоо өргөжүүлэх зураг төслийн ажлыг хийж байна. Мөн Монгол - Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн 126-127 дугаар тэмдгийн чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлэх шинэ гарц нээх ажлыг урагшлуулах талаар яригдаж байгаа.

Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд: 

-Төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн байна. Хилийн боомтын хөгжлийн нэгдсэн бодлого алга. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хилийн боомтыг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд анхаарч, бодлогоо тодорхой болгох хэрэгтэй байна. Хувийн хэвшлээ түшиглэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой. Мөн хууль эрх зүйн хувьд хилийн боомтууд орхигдсоор ирсэн. Тиймээс ойрын хугацаанд Хилийн боомтын тухай хуулийг шинэчлэн батлах хэрэгтэй байна.

Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбооны тэргүүн Н.Адьяацэрэн: 

- Өмнөговь аймгийн Цагаан хаданд 20 гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байна. Ирэх оны төсвийн төсөлд боомт дагасан суурьшлын бүсийн хөгжлийг асуудлыг орхигдуулсан байна. Хилийн боомтууд дээр ус, дулаан, цахилгаан, газрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр хөгжлийн асуудлыг ярих нь өрөөсгөл. Төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх өгөх ёстой. Төсвөөс санхүүжилт шийдэх боломжгүй бол хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг бүтээн байгуулалт хийх боломжийг бүрдүүлж, газрын асуудлыг төрөөс шийдэх ёстой.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын хилийн боомтуудаас төмөр замаар 3 боомт, авто замаар 6 боомт холбогдсон байдаг. Харин БНХАУ-ын талаас Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалт дуусаж байна. Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтууд хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил дууссан. Тиймээс бид БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй боомтуудын хөгжлийн төлөвлөгөө болон БНХАУ-ын авто зам, төмөр замын дэд бүтэцтэй уялдуулан дотоодын зам харилцааг хөгжүүлж чадсанаар олон улсын аль ч зах зээлд гарах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Иймд уул уурхайн томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийг олон улсын зах зээлд өндөр үнээр гаргах нөхцөл боломжуудыг хангах томоохон авто замын төслүүдийг хэрэгжүүлж Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбох, Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барих, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх,  боомт хүртэлх төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Хилийн боомтын тухай хуультай болох зайлшгүй шаардлага бий. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодоо санал авч боловсруулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Боомтын асуудал хариуцсан сайдыг ойрын хугацаанд томилно.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:

- Боомтын сэргэлтийг дэмжихэд дотоодын найдвартай дэд бүтцийн эх үүсвэр маш чухал. Ихэнх боомт ус, цахилгаан, дулааны асуудалтай. Орон нутагт орлого олох боломжийг нь нээж өгөхгүй бол боомтыг хөгжилд дорвитой ахиц гарахгүй. Хил орчмын газрын асуудлыг шийдэхгүйгээр бүтээн байгуулалт хийх боломжгүй. Хилийн боомт орчмын газрын улсын тусгай хэрэгцээнд авах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Боомт дагасан суурьшлын бүсийг хөгжүүлж, төрийн үйлчилгээг хүргэх арга хэмжээг төсвийн хуулиар дэмжих ёстой хэмээн тус тус байр сууриа илэрхийллээ.

Салбар хэлэлцүүлэгт оролцогчид боомтуудын төлөвлөлтийг иж бүрэн хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байлаа. Үүнд:

- Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх;

- Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх;

- Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих;

- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар төсвийн хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэв.