2022 оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ


Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнөөдөр 15.00 цагт эхэлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. ЭЕШ-ын бүртгэл 11 дүгээр сарын 21-ний 18.00 цагт хаагдана.

Энэ хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгох юм. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг,

-Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/,

-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/,

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, Боловсролын үнэлгээний төв пэйж хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.