Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.18) хуралдаан 14.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, П.Анужин, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор нарын санаачлан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төслийн танилцуулгын хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хийлээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 34 зүйлтэй бөгөөд үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа өндөр хөгжилтэй зарим орны туршлагад үндэслэн Үндэсний танхимын гишүүнчлэлийг холимог хэлбэртэй байхаар тусгасан бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй, харин төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд болон Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр гишүүн болохоор хуулийн төсөлд тусгажээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 5 дугаар зүйлээр танхимын тогтолцоог зохицуулсан бөгөөд 5.2-т “Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим байж болно” гэж заасан. Харин тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхимыг 50-иас доошгүй аж ахуйн нэгж, байгууллага Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу үүсгэн байгуулж болно.” гэж заасны дагуу бие даасан танхим байгуулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагуудад нээлттэй болгосон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал танилцуулахаар тогтов.
2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Ирэх оны төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьсон гэдгийг дурдав. Иймд ирэх оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн тогтвортой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулах зорилтуудыг чиглүүлжээ. Тухайлбал, төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх, төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, мөн хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж ажиллахаар төсөлд тусгасан гэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн боомтын сэргэлтийн ажлыг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. Экспортын боомтуудыг авто зам болон төмөр замаар холбох, экспортын шинэ гарц нээх, хилийн боомтод ч чингэлэг тээврийн болон автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах замаар экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэв. Орон нутагт уул уурхайн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн төсөл, хөтөлбөрөөс нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс орон нутагт олгодог хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, ил тод, нээлттэй, орон нутгийн иргэдийн оролцоог хангасан байдлаар зарцуулах зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн татварын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газраас экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг сайжруулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гаалийн бүрдүүлэлтийг автоматжуулж, баяжмалын шинжилгээний тогтолцоог шинэчлэх, хүнээс хамааралгүй ил тод болгох, олборлолтын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, түүхий эдийн борлуулалтыг уул уурхайн биржээр дамжуулан зах зээлийн ил тод тогтолцоонд шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхлэх болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан газрын тос боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам, боомтын бүтээн байгуулалт, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тооцжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас илүүгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлжээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан юм. Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдав. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгчээ. Үргэлжлүүлэн тэрбээр Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төслийн талаар танилцуулсан.
Төсвийн төслийн танилцуулга болон төслийн талаарх аудитын дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ирэх онд эдийн засгийг тогтворжуулах чиглэлд ямар арга хэмжээ авах талаар тодруулсан. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, “Ирэх оны төсвийн хүрээнд макро эдийн засгийн тогтворжуулах бодлогыг баримталж байгаа. Мөн эрчим хүч, тээвэр логистик, банк санхүүгийн салбарыг либералчлах, хөрөнгө оруулалтыг татах, олборлох салбарын ил тод байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана. Засгийн газраас экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг сайжруулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг эдийн засаг хүнд үед урсгал зардлыг өмнөх жилүүдийн түвшинд хадгалж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нислэгийг хөгжүүлэх, тасалбарын үнийг бууруулахад салбарын сайд нар анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Дараа нь төслүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулсан. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдыг татахад хангалтгүй байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарын олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах, татварын таатай орчныг бүрдүүлсэн шинэ хууль хэрэгтэй байгааг тодотгов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг удахгүй өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт уул уурхайн үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар уул уурхайн үйлдвэрлэлээс орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Тодруулбал, хуулийн төслийн 43.1.2-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээхээр тусгаж, Монгол ажилтнуудын 5-аас доошгүй хувь нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, дүүргийн иргэд байх зохицуулалтыг оруулсан гэв.
Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоотой, хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг ил тод, нээлттэй байлгах, тэдний орон нутагт өгөх хандив, тусламжийн талаарх нэмэлт зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд хэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.