Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтэрнэ.
2022 оны 10 дугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.