ТӨСӨВ 2023: Эдийн засаг 5 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд эдийн засгийг 2023 онд 5 хувиар өсөхөөр төсөөлж байгааг тэмдэглэжээ.

Гадаад секторын хувьд тодорхой бус байдал хэвээр байгаа ч Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүргэх зорилтыг хангаснаар уул уурхайн салбар ирэх онд 14.6 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ уул уурхайг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээ, цэвэр татварын салбарыг дэмжиж, нийт эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээр байгаа.

Мөн эдийн засгийн өсөлтийг 2023 онд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын өсөлт, түүнийг дагасан идэвхжил дэмжихээр байгаа юм. Харин Засгийн газар, төв банкаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний хатуу бодлого баримталж байгаагаас хамаарч салбаруудад шинээр олгож буй зээл багасаж, эргэлт хумигдан, уул уурхайн бус салбарын эдийн засгийн өсөлт саарах хандлагатай байна.

Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, бүх салбарт борлуулалтын түвшинг нэг шат ахиулах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэх, хөгжлийг хязгаарлагч салбарыг либералчлах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэхээр төлөвлөн хэрэгжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхлэх, газрын тос боловсруулах үйлдвэр, авто, төмөр зам, боомт, эрчим хүчний төслийн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил эрчимжиж, барилга, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжихээр байгааг төсвийн төсөлд тусгажээ.