Ядуу Монголын ЕС-ын гангараа герман сэтгүүлчийн анхаарлыг татаж дээ

ЦАГНЫ ДУУЛИАН
2014 онд Польшийн зам тээврийн сайд Новактай холбоотой дуулиан дэгдсэн. Учир юу гэвэл мань сайд сэтгүүлчидтэй уулзах үеэр нэгэн гярхай сэтгүүлч зүүж яваа цагных нь зургийг аваад ямархуу үнэ цэнэтэй эд болохыг нь тогтоосон байгаан. Түүний цаг нь яг ролекс шиг швейцарийн нэгэн алдартай бренд цаг байсан бөгөөд доод тал нь 20k долларын үнэтэйг олж мэдэв. Сэтгүүлч үүгээр зогссонгүй сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шүүж үзтэл уг цагийг мэдүүлээгүй байж. Польшийн хуулиар төрийн албан хаагчид тодорхой түвшнээс өндөр үнэлгээтэй үнэт эдлэлээ мэдүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг аж. Асуудлыг сэтгүүлч дэлгэнгүүт хуулийн дагуу прокуророос хэрэг үүсгэн шалгажээ. Сайд Новак яаж ч мэлзээд хариуцлагаас мултарч чадсангүй. Түүний цагны цуглуулгад үнэтэй брендийн өөр цагнууд байсны дотор хуурамч дууриамал цаг ч байж. Ингээд цагаа мэдүүлээгүй дээр нэмэгдээд хуурамч цаг европын холбоонд нууцаар оруулж ирсэн гэх хэрэг мандав. Уул нь хамгийн их ирээдүйтэй залуу улс төрчөөр нэрлэгдэж байсан сайдын карьер ийнхүү цагнаас болж дуусгавар болсон түүхтэй.
Ардчилсан улс орнуудын улс төрчид аль болох даруухан байхыг хичээдэг бөгөөд өмсөж зүүх нь хүртэл энгийн байдаг. Германы канцлер Меркелээс сэтгүүлч “та яагаад олон жилийн өмнөх хувцсаа өөрчилдөггүй юм бэ” гэх ухааны юм асуухад  “би загвар өмсөгч биш” гэж хариулсан байсан. Харин манай залуу удирдагчид загварын шоунд орж байгаа юм шиг нэг л их үнэтэй цайтай брендийн хувцас хунар, цаг, үзэг, цүнх мэтээр гангарахыг хичээхийг тэнэглэл гэх үү, юу гэх вэ? Ардчилсан улс орнуудад үүнийг авилгалтай холбон ойлгодог, тэгээд сэтгүүлчид нь энэ тал дээр маш их ажигч гярхай байдаг юм билээ. Тэгээд ядуу Монголын ЕС-ын гангараа герман сэтгүүлчийн анхаарлыг татаж дээ.

Г.Адъяа