Грек, Туркийн хил орчмоос 100 шахам нүцгэн дүрвэгч олджээ

Грек, Туркийн хил орчмоос 100 шахам нүцгэн дүрвэгч олджээ

Грек, Туркийн хил орчмоос 100 шахам нүцгэн эрчүүд олдсон явдалд гүнээ санаа зовниж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагаас мэдэгджээ. НҮБ "Бид ийм харгис хэрцгий, хүний нэр төрийг гутаан доромжилсон хандлагыг буруушааж, энэ үйл явдлыг мөрдөн шалгахыг уриалж байна" гэв.

Грекийн хилчид Европын холбооны хилийн хяналтын "Frontex" агентлагийн ажилтнуудын хамт өнгөрсөн баасан гарагт Туркийн хойд хилийн ойролцоох газраас 90 гаруй цагаачийг аварсан байна. Цагаачид ихэвчлэн Афганистан, Сирийнх бөгөөд Туркээс резинэн завиар Эврос голыг гатлан Грекийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж цагдаа нар мэдэгдэв. Харин Туркийн талаас энэ үйл явдалд огт оролцоогүй гэжээ.

Мэдэгдэлд "Биедээ шархтай, хувцас өмсөөгүй, хууль бус 92 цагаачийг хил хамгаалагчид олсон" гэж бичсэн байв. Тэдгээр эрчүүдэд хувцас олгож, хоол хүнс өгч, анхны тусламж үзүүлсэн тухай Грекийн эрх баригчид мэдэгджээ. Дүрвэгсэд яагаад нүцгэн байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Грек уг хэрэгт Туркийг буруутгаж, "соёл иргэншлийн гутамшиг" гэжээ.

Грек уг хэрэгт Туркийг буруутгаж, "соёл иргэншлийн гутамшиг" гэжээ. Грекийн иргэдийн эрхийг хамгаалах сайд Такис Теодорикакос Туркийг "хууль бус цагаачлалыг өөрийн зорилгодоо ашиглаж байна" гэж буруутгасан байна. Тэрээр Грекийн телевизээр ярихдаа, Frontex-ийн ажилтнуудад цагаачид "Туркийн армийн гурван машин тэднийг хоёр улсын хилийн дундуур урсдаг гол руу хүргэсэн" гэж хэлсэн байна.

2015, 2016 онд Сири, Ирак, Афганистанаас дайны болон ядуурлаас зугтсан нэг сая орчим дүрвэгч ихэвчлэн Туркээр дамжин Грект очсон бөгөөд Европын бусад орнуудаас Грек цагаачлалын хямралд хамгийн их нэрвэгджээ. Түүнээс хойш дүрвэгсдийн тоо багассан ч сүүлийн үед Турктэй хиллэдэг хуурай газраар болон Грекийн арлуудыг дайран тус улс руу нэвтрэх оролдлого ихэссэн гэж Грекийн эрх баригчид мэдэгдэв.

Турк олон тэрбум еврогийн тусламж авахаар тохиролцсоны хариуд Европ руу чиглэсэн цагаачдын урсгалыг хязгаарлах тухай Европын холбоотой 2016 онд байгуулсан гэрээг дагаж мөрдөхийг Грек уриалжээ. Грекийн эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд Турктэй хойд хилийн дагуу босгосон 40 км хашааг уртасгах гэж буй талаар сайд Теодорикакос хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС