Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаа эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал нь “Толгой хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент”, “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний хөхөнцөр вирусийн оношилгооны асуудал”, “Хорт хавдрын оношилгооны орчин үеийн чиг хандлага” гэсэн гурван салбар хуралдаантайгаар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот, орон нутгийн хавдар судлаач эмч, эмэгтэйчүүд, шүд эрүү нүүр, чих хамар хоолой, дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүд зэрэг нийт 250 гаруй хүн оролцлоо.
Өнөөдөр “Хавдрын тулгамдсан асуудал-2022” эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал болж байгаа бөгөөд хурлын үеэр хавдрын тусламж, үйлчилгээний хөгжлийг орон нутагт эрчимжүүлэх, тусламж, үйлчилгээний жишиг загварыг бий болгох зорилгоор дөрвөн аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Мөн хавдар судлалын салбарын шилдэг аман илтгэл болон ханын илтгэлүүдийг хэлэлцүүлэн шалгаруулна.
Эх сурвалж: ЭМЯ