Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, "Трио" кино анх удаа АНУ-ын алдарт Палм Спрингсийн олон улсын кино наадмын “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртсэн бол “Эргэж ирэхгүй намар" кино Канадын Ванкуверын наадмын "Үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртсэн байна.
“Трио” уран сайхны кино өмнө нь Тайландын алдарт кино наадмын нэг болох "Thai Film Festival"-иас "Шилдэг кино" шагнал болон АНУ-ын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач" номинацийн шагнал хүртээд буй. Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино удахгүй 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд оролцох юм.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.
Харин жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, шагнал хүртсэн нь энэ юм. Зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.
Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.