Бриллиант, Рехамед эмнэлгүүдэд ЭМД-ийн хөнгөлөлтөөр БАЙ ЭМЧИЛГЭЭГ хийж эхэлжээ

2020 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлдэг болсон юм. Тэгвэл 2021 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн химийн бай эмчилгээг ЭМД-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ЭМД-аараа 100 хувь төлөх боломж бүрдсэн.

Ганц ХСҮТ-д хийгддэг байсан тус эмчилгээг эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Бриллиант, Рехамед эмнэлгүүдэд ЭМД-ийн хөнгөлөлтөөр хийдэг боллоо. 

Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг болох химийн бай эмчилгээ нь молекул генетикийн оношлогоон дээр үндэслэн тухайн хүний ген болон хавдрын генд нь чиглэн хийгддэг бөгөөд хавдрын ургалт, үсэрхийллийг зогсоох, эмчилгээний боломжийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй эмчилгээ юм.