Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 22.7 тэрбум төгрөгөөр нэмж тооцжээ

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн орлогыг 1,481.4 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 62 хувь буюу 914.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор тооцсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан төр зардлыг нь хариуцах тусламж, тусламж үйлчилгээний санхүүжилтэд 687.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу төр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлөх иргэдийн шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэнтэй холбогдуулан улсын төсвөөс олгох шилжүүлгийг 63.2 тэрбум төгрөгөөр нэмэн 226.9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ

Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний зардалд 1,341.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Үүнд эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад 1 иргэнээр тооцон олгох санхүүжилтийг 2 дахин нэмсэн хэмжээгээр тооцож, 250.9 тэрбум төгрөг тусгаад байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад тархины саажилттай, уналт таталттай хүүхдэд олгох эмийг оруулсан. Мөн төр хариуцах эмийн зардлын хяналт, хүртээмжийг сайжруулахаар эмийн үнийн хөнгөлөлтөд олгох санхүүжилтийг 22.7 тэрбум төгрөгөөр нэмэн 89.9 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ.