Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын удирдлагууд Улаанбаатар хот орчимд төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд дагуул хотууд байгуулах нь чухлыг дурдаж, хот байгуулахаар төлөвлөсөн байршил, одоогийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгаанг танилцуулж, мэдээлэл хүргэлээ. Мөн ЖАЙКА-тай зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, хөрөнгө оруулалт татахад хамтарч ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн юм.
ЖАЙКА-ийн Суурин төлөөлөгч Шида Коосүкэ “Дагуул хотын төсөл, хөтөлбөр нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд ач холбогдолтой чухал төслүүд. ЖАЙКА сүүлийн жилүүдэд нийслэлийн дэд бүтэц, авто замын сүлжээг сайжруулахад анхаарч, энэ талын судалгаа хийж байгаа”-г онцолж, дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч судалгаа хийх, ажиллах боломжтой гэлээ.
Түүнчлэн ЖАЙКА нь дэлхийн томоохон хотуудын “Эдийн засгийн чөлөөт бүс, “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн цөөнгүй төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бөгөөд төслийн концепцийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэхийг дэмжих боломжтойг ярьсан юм.
Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход ач холбогдолтой дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдэд урт хугацаанд хамтран ажиллахад санал нэгдэж, ЖАЙКА боломжит бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.