Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн тулд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий нэгээс багагүй хувийг ойжуулах ажилд зарцуулах урьдчилсан тооцоолол хийсэн. Энэ нь 10 жилийн хугацаанд ойролцоогоор 4.3 их наяд төгрөг аж. Улс, орон нутгийн төсвийн зардлаар 30 орчим хувийг нь хангах боломжтой. Түгээмэл тархацтай байгаль (элс хайрга олборлох болон самар жимс түүх)-ийн баялаг ашигласны татвар, хураамжаар бүрдүүлэх төсвийн орлого (120 тэрбум төгрөг) орон нутагт үлдэнэ. Түүний 85 хувийг байгалийн нөхөн сэргээлтэд ашиглах хуультай. Энэ нь мод тарих тарьц, суулгац бэлтгэх санхүүгийн нэг эх үүсвэр нь болно. Түүнээс гадна хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч чадвал дээрх хувийг 45 орчимд хүргэх боломжтой. Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлж чадвал 20 орчим хувиар өсгөх магадлалтай гэж судлаач, ойн мэргэжлийн байгууллагууд тайлбар хийсэн байдаг. “Тэрбум мод” тарих ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнээс 2021-2024 он хүртэл бэлтгэл үе шат юм.
Бэлтгэл ажлын эхний үе шатад мод тарих талаар олон үйл явдал өрнөж байна. Тухайлбал, Орхон аймаг өнгөрсөн хавар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 11 байршилд 220 мянга гаруй мод тарьсан. Улмаар Цагаан чулуутын ам, А1001 авто зам дагуух ойн зурвас, Эрдэнэт хаалга зэрэг газарт нийт 11500 ширхэг навчит болон шилмүүст мод тарьсан. Мөн Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-г санаачлан байгуулсан. Тус цэцэрлэгт хүрээлэнд хаврын мод тарилтаар хайлаас, шинэс, нарс, гацуур, өрөл, агч, монос, гүйлс, бүйлс, голтбор зэрэг 9153 тарьцыг иргэд гэр бүлээрээ суулгасан. Эдгээр 9153 ширхэг тарьцын 95 хувь амжилттай ургажээ. “Тарьсан модоо эргэе” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагыг өнгөрсөн хавар тарьсан модоо усалж, арчлахыг уриаллаа. Энэ намрын тарилтаар иргэн, аж ахуйн нэгжийн оролцоотой 50,000 ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа ажээ. Улс орны өнцөг булан аймаг сум бүрээс ямар нэг байдлаар мод тарьсан тарьц, суулгац бэлтгэж байгаа талаар тус аймгаас олон нийтэд мэдээлэл түгж байна.
Завхан аймгийн 24 сумаас сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын яам, МУИС, ШУТИС, ХААИС хамтран зохион байгуулсан ба МУИС-ийн Ойн хүрээлэнгийн багш нар дадлага ажлыг удирдан явуулснаараа үр дүнтэй болсон. Энэ сургалтаар ойн үрийн аж ахуй, ойжуулалт нөхөн сэргээлтийн технологи, таримал ой хамгаалал, агро ойн аж ахуй түүний хэлбэрүүдийн талаарх мэдээлэл олгожээ. Мөн хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлт, арчилгаа хамгаалалт сэдвийн хүрээнд мод тарьж арчлан ургуулах мэдлэг чадварыг олгож, эдгээр онолын мэдлэгийг нь хээрийн дадлагаар бататгаж төгсгөсөн. Тус сургалтад хамрагдаж амжилттай төгссөн сургагч багш нар сум орон нутагтаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мод тарьж арчлан ургуулах, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхэд манлайлан ажиллаж байгаа. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөөг сум бүрд өгч байна. Эдгээр сургагч багш нар 24 суманд давхардсан тоогоор 4700 гаруй хүнд мод тарьж ургуулах, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг өгчээ. Сумдад 16-25 төрлийн гоёлын болон олон наст ургамал, тарьц бүхий ногоон байгууламжийг байгуулаад буй гэж аймгийн БОАЖГ-аас өглөө гэж энэ аймгаас мэдээлжээ.
“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл 10 жилийн хугацаан эрчимтэй хэрэгжүүлсэн нөхцөлд хүчтэй цөлжилтөд өрсөн 120 сая га талбайн хэмжээнд газрын доройтлыг 4 хувиар бууруулж чадна гэж үзсэн байх юм. Энэ хэмжээний мод тарихын тулд 1,5 тэрбум тарьц суулгацын нөөцтэй байх ёстой гэсэн тооцоолол гарсан байна. Үндэсний хөдөлгөөн өрнөсөн 2021 оноос хойш тарьц, суулгацын нөөцийг 4 дахин нэмж 37 саяд хүргэсэн байна. Энэ нөөцийн тоо хэмжээг цаашид ч нэмэх ёстой. Түүнийг нэмэх нөөц бүрдүүлэх талаар улсын хэмжээнд эвч хэрэгжүүлж байгаа зарим нэг ажлын талаар авч үзье.
Тухайлбал, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд хорин сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд бүр таван модны тарьц, суулгац бэлтгэх, өөрсдөө тарьж ургуулах үйл ажиллагааг онол, практик хослуулан зохион байгуулах ажлыг эхлүүллээ. ЕБС, СӨББ, Их, дээд сургууль, коллежуудын багш нарт эхний ээлжид мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч нэгдсэн сургалтад хамруулсан. Үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар ХААИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар сургууль, Хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Дархан-Уул аймгийн ИДМСК ажиллаж байна. Эко боловсролыг ивээн тэтгэгчээр “Гүүд нэйборс” ОУТББ ажиллах ажээ гэж Дархан- Уул аймгаас мэдээлсэн байна.
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 ангийн хугацаат цэргийн албан хаагчид сургагч багш ангийн ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Нямсүрэнгийн зохион байгуулсан сургалтад хамрагджээ. Тус анги нь “Тавт” мод үржүүлгийн агропарк байгуулаад байгаа. Энэхүү паркийнхаа 1.5 га газарт ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид болон, ангийн нийт бие бүрэлдэхүүн мод тарьсан. Тэд нарс 90000ш, бургас 75000ш, улиас 45000 ш, мөн агч, хайлаас, буйлс зэргийг үрийн тариалалтаар тарьж тус бүр бойжуулжээ. Цаашдаа Хил хамгаалах байгууллагын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд тус агропарк нь ирэх 2023 оноос тал хээрийн бүсийн хил хамгаалалтын нягтруулах, байгалийн гамшигт үзэгдэл, цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор бусад хил хамгаалах байгууллага, говь хээрийн агропаркуудад модны үр, тариа, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлэх зорилго тавьжээ гэж Сэлэнгэ аймгаас мэдээлсэн байх жишээтэй.
Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр “Салбарын хэмжээнд 2030 он хүртэл 270 сая мод тарина” гэж мэдэгджээ. Тус салбар дээрх хэмжээний мод тарихын тулд 2021 онд 4 мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгацаа бэлтгэж эхэлсэн байна. Харин нэмж 5 мод үржүүлгийн газар байгуулахаар болжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд ямар нэг хэмжээгээр ажил өрнөж байна. Нэг үгээр хэлбэл хүн бүр өөрийн боломжоор энэ ажилд гар бие оролцож байгаа нь ажиглагдах боллоо. Гэхдээ хугацаа давчуу /10 жил/ хийх ажил зарцуулах хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдгийг хаана, хаана мартаж болохгүй. Энэ намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” 10 дугаар сарын 8-ны бямба гаригт тохиосон. Мод тарих намрын өдрүүд үргэлжилж байна. Улсын хэмжээнд энэ оны намар 3-5 сая ширхэг мод тарина гэж төлөвлөсөн байна. Энэ хугацаанд хэдэн мод тарьсан нь 11 дүгээр сард тодорхой болно. Улсын хэмжээний дүн мэдээг БОАЖЯ нэгтгэж бүх нийтэд танилцуулна.