Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо /2022.10.12/ хуралдаж, Хөгжлийн банкнаас хийсэн цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонсов.
Хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон юм.
Цаг үеийн мэдээллийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа хийлээ.
Хөгжлийн банканд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 769.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүний 87 хувийг бэлэн мөнгөөр, 13 хувийг өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлсөн байна. Нийт бэлэн мөнгөөр төлөгдсөн зээлийн 267.1 тэрбум нь хэвийн, 126.4 тэрбум нь анхаарал хандуулах, 278.3 тэрбум нь чанаргүй зээлийн ангилалд хамрагдаж байсан аж. 278.3 тэрбум төгрөгийн 14 зээл төлөгдөн хаагдсан бөгөөд эдгээрээс хамгийн том зээлдэгч нь “Кью Эс Си” ХХК-ийн 191.2 тэрбум төгрөгийн зээл байжээ.
Чанаргүй зээлийн эргэн төлөлт нэмэгдэж ирсэн гэдгийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа тодотгоод, төлөгдсөн чанаргүй зээлийн нийт эргэн төлөлтөд эзлэх хувь өнгөрсөн онуудаас нэмэгдэн 48 хувь болж өссөн гэлээ.
Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ТӨХК 15.9 тэрбумын зээлээ бүрэн төлсөн байна. “Эрдэнэс МГЛ” ХХК 117.2 тэрбумын зээлээ төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийг 2023 оны 1 дүгээр сард бүрэн төлж барагдуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын хөгжлийн банк 2022 оны зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалсан гэсэн мэдээллийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа өглөө. Тус банк нь 2015 оноос “S&P”, “MOODY’S”, 2018 оноос ”FITCH” агентлагаар зээлжих зэрэглэл тогтоолгож ирсэн аж.
Чанаргүй активыг бууруулах чиглэлээр 1.7 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, 35 зээл иргэний шүүх, 32 зээл эрүүгийн шүүхийн шатанд байгаа юм байна. 32 зээлийн асуудлаар 2022 онд АТГ-т гомдол гаргаж, 19 эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 2022 онд 153.6 тэрбум төгрөгийн таван зээлийн асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарчээ. Шүүхийн бус журмаар буюу хэлэлцээрийн хүрээнд 427.5 тэрбум төгрөгийн 9 зээлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Он дуустал 543.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэхээр ажиллаж байгаагийн 310 тэрбум нь чанаргүй, 212 тэрбум нь анхаарал хандуулах, 21 тэрбум нь хэвийн зээлийн ангилалд хамаарч байгааг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа мэдээлэв. 2022 оны эцэс гэхэд нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна гэсэн тооцоотой байгаа бөгөөд төлөвлөгөө хэрэгжсэнээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 20 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн харьцаа 46.1 хувиар буурах хүлээлттэй байгааг Ж.Батаа онцоллоо.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд Хөгжлийн банк Евро, Самурай бондын эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр хийхээр төлөвлөснийг лавлав. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны зээл авсан 86 хүний асуудал байгаа гэсэн мэдээллийг тодруулаад зээлээ эргэн төлсөн ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь үнэн эсэхийг хариулж өгөхийг хүссэн юм.
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа, Самурай бонд Засгийн газрын баталгаатай, Евро бонд Засгийн газрын баталгаагүй. Зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. Евро бондын эргэн төлөлтийг мөн зээлийн эргэн төлөлтөөс хийхээр тооцоолж байгаа. Мөн гадны банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг судалж байгаа гэлээ.
Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөрдөн шалгах явцад 769 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Гэхдээ зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал яригдана гэв.
Мөн хуралдаанаар Хянан шалгагч нарын ажлын явцын тайлан, мэдээллийг хаалттай горимоор сонслоо.