“Ид шидийн орон-3” жишиг төв Дундговь аймагт нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхэллээ. Хүүхэд хөгжил, хамгааллын тус төв 21 аймгаас анхдагч болж байгаа нь онцлог бөгөөд хандив босгож, барилгаа барьж, тохижуулж, ажлаа эхлүүлэх, тогтвортой байдлыг хангах бүхий л үйл ажиллагаа нь бусад аймгуудад туршлага болох тул энэ нь “жишиг төв” болж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус төсөл хоосон газарт шав тавин хандивын үйл ажиллагаагаа эхэлж байсан бол байгууллага, хувь хүмүүсийн хандив, дэмжлэг, оролцоотойгоор “Ид шидийн орон-3” ордон сүндэрлэж, энэхүү ордны эзэд бяцхан хүүхдүүд баяр жаргал дүүрэн тууз хайчиллаа.
“Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлэхээр шалгаруулалт явуулж, Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” ТББ хүсэлт илгээн, аймгийн ЗДТГ, мэргэжлийн бусад байгууллагуудын дэмжлэгийг авч чадсанаар тус аймагт төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр үр дүнгээ хандивлагчиддаа тайлагнаж байна. ТББ-ын залуучууд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, тус төвөө ийнхүү хүлээлгэн өгч байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг