Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг хуульчлахыг дэмжжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.12)хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноор гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгааг танилцуулгадаа дурдаж, Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгааг ирэх хоёр жилийн хугацаанд бууруулж, хоёр оронтой тоонд оруулах зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа гэв. 

Монгол Улсын хувьд 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан ч шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэв. Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази, Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ  үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар мөн төслийн танилцуулгад дурджээ. 

Тиймээс шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс төслийг боловсруулжээ. Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.

Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа.

Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ. Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

Олон улсын жишигт нийцүүлэн хуулийн төслийн онцлох зохицуулалт буюу шүгэл үлээгчийн нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд 100.000-аас 1.5 тэрбум төгрөгийн урамшлуулал олгохтой холбоотой зохицуулалтыг мөн тусгасан байна. Шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх, ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор нэмж тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрх бүхий төрийн байгууллагаас түргэн шуурхай үйлчилгээ авах боломж нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг хянах, хүний эрх тэгш байдал, тэгш нөхцөл байдлыг хангах, урамшуулах, хамгаалах нэгдсэн тогтолцоотой болох аж. Ингэснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл дээшилнэ гэж төсөл санаачлагчаас үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг зохицуулах, татварын асуудлаар шүгэл үлээхийг дэмжих асуудлуудыг тусгах шаардлагатай гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.