МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг 3 жил нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгээ амжилттай хийлээ.
Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг юм. Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Тунис Улсын “Тунис Эйр” компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Австри, Турк, Бельги, Герман, Испани, Швейцари улсын 16 хотын чиглэлд нислэг үйлдээд ирснийг МИАТ компани мэдээлэв.
МИАТ компани нь В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг энэ оны 8 дугаар сард Монгол Улс, БНХАУ-ын ИНЕГ-аас авсны үндсэн дээр ийнхүү нислэг хийж эхэлжээ. Энэ агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Боинг” компаниас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай бүх техник үйлчилгээ, системийн шинэчлэлийг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэн нислэгт бэлэн болгосон байна.
Түүнчлэн, В737 МАХ агаарын хөлгийг 2021 оны сүүлээс АНУ, Европ, Азийн орнууд нислэг үйлдвэрлэлдээ дахин ашиглаж эхлээд байгаа аж.