Дэлхийн суут хүмүүн, Их Монгол Улсыг үндэслэгч, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой 2022 онд тохиож байгаа бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр “Чингис хаан” музейн албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидахыг онцлон тэмдэглэв. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов.
“Чингис хаан” хаад, язгууртны музей нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, мөн томоохон бодит үйл явдлыг харуулсан 12 мянга орчим үзмэртэй байна.
Монгол Улсын Засгийн газар “Чингис хаан” хаад, язгууртны музей байгуулах шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гаргаж, Гадаад харилцааны яам музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд гадаадын улс орнуудаас монгол хаадын түүхийн зарим үзмэрүүдийг хуулбарлан авах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ИБУИНХУ, ХБНГУ, АНУ, ОХУ, Япон, Франц, Польш, Швед, Турк, Австри зэрэг дэлхийн 12 улсаас 28 дан мөн иж бүрдэл үзмэрийн “А” болон дижитал хуулбарыг музейн сан хөмрөгт хуулбарлан авах ажлыг зохион байгуулсан.
Тухайлбал, Юань гүрний цэргийн жанжны тамга, Зүүн гарын 4 хаадын хөрөг, Алтан ордны Тохтамыш хааны захидал, Юань гүрний цэргийн довтолгооны хуйлмал зургийн “А” хуулбарууд болон Марко Пологийн тэмдэглэл зэрэг үзмэрүүд багтаж байна.