Ирэх оны улсын төсвийн төсөлд төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын цалингийн системийг өөрчлөхөөр тусгажээ
Тодруулбал, төрийн албанд олон жил ажилласны нэмэгдлийг 5 жил тутамд нэг удаа тооцон нэмдэг байсныг жил бүр нэг хувиар нэмж байх тогтолцоотой болох талаар Сангийн яамнаас мэдээлж байна.
Одоогийн байдлаар төрийн албанд ажиллагсдын цалинг 1-5 жил ажилласан бол 1 хувиар, 6-10 жил ажиллаж байгаа бол 5 хувь, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувиар, 21-25 жил ажилласан бол 20 хувь, 26 жилээс дээш бол 25 хувиар тус тус нэмж тооцдог юм.
Төрийн захиргааны 4 ангиллын төрийн албан хаагчдын дундаж цалинг одоогийн байдлаар авч үзвэл 615 мянган төгрөг байгааг ирэх онд үндсэн цалинг 756 мянган төгрөг болгож, ажилласан жилийн болон орон нутгийн нэмэгдэлтэйгээ нийлээд ойролцоогоор 937 мянган төгрөг болно хэмээн тооцжээ.
Орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмнэ.
Ингэхдээ төрийн албан хаагчдын цалингийн систем сүүлийн 20 жилд өөрчлөгдөөгүй ирснийг тодотгож байна. Ялангуяа орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин сүүлийн 3 жил огт нэмэгдээгүй иржээ. Тиймээс орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тусгаад байна. Цалин нэмэх боломжийг нь орон нутагт нь олгох юм. Энэ нь орон нутагт төрийн албан хаагч нарыг тогтвор, суурьшилтай ажиллаж, ажил, орлоготой байхад чиглэж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна.
Төрийн албан хаагчдын нийт цалингийн систем нь одоо ялгаатай, 165 шатлалтай үйлчилж буйг 20 болгох юм. Ингэснээр цалингийн систем илүү ойлгомжтой, өртөгт суурилсан санхүүжилттэй, гүйцэтгэлд буюу үр дүнд суурилсан урамшуулалттай болно хэмээн үзэж байна.