Э.Энхтамир Ази тивийн мөнгөн медальтан болжээ


Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Энхтамир огцомд /86, 89, 92/ 92 кг-ийг өргөсөн бол алтан медаль хүртсэн Вьетнамын хүндийг өргөгч 93 кг-ийг огцом өргөжээ.

Түлхэлттэй өргөлтөд Э.Энхтамир эхний захиалгаа 106 кг-аар өгч өргөсөн. Дараа нь 112 кг-ийг захиалсан ч хоёр оролдлого хийгээд өргөж чадаагүй байна. Ингээд нийлбэр дүнгээр /92+106/ 198 кг өргөсөн амжилт үзүүллээ.

Түлхэлттэй өргөлт болон нийлбэрээр хараахан медальд хүрэх боломжгүй болсон ч огцом өргөлтөөр Монголын багийн медалийн салхийг хагалж, Азийн тивийн АШТ-ий мөнгөн медальтан боллоо. Манай бусад туйванчид маань 10 дугаар сарын 12-нд 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Ануужин, 10 дугаар сарын 13-нд 76 кг жинд Д.Дархижав, 10 дугаар сарын 14-нд  -87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.