УИХ дахь МАН-ын бүлэг төрийн албаны хууль, АН-ын бүлэг мөнгөний бодлогыг хэлэлцжээ


УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль, түүнийг дагалдаж өргөн баригдсан Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг 102 хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан орон нутгийн төрийн албан хагчдын цалинг 20 хувь нэмэх, тэтгэвэр тогтоолгоод төрийн албанд давхар ажиллаж буй эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн иргэдийг ажлаас чөлөөлөх тухай заалтуудыг дэмжсэн байна. Мөн ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахлаж ажиллаж буйг мэдээллээ. Энэ асуудлыг ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа эргэн хэлэлцэх юм байна. Түүнчлэн бүлэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотой ажлын хэсэг байгуулж байгаа, үнийн зохицуулалт хийх, төсвөөс тодорхой хэмжээнд үнийн дарамтыг сааруулах шаардлага бий гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.


Харин УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар Монголбанкны мэдээллийг сонссон байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгээр хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өгөхдөө "Монголд халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж, дарамт болж байгаа, яригддаггүй сэдэв бол татаас болжээ. Татаас төрийн эдийн засагт оролцох оролцоог нэмэгдүүлж байна. Төсөвт хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж олгохоор тусгасан. Гэтэл төсөвт татаас өгөхөөр 985 тэрбум төгрөг суулгасан байна. Халамжаасаа бараг 50 орчим хувь илүү гэсэн үг. Тиймээс хэн татаасаар хөнгөлөлт эдэлж, хэн чөлөөлөгдөж байгаа талаар бүлгээс ажлын хэсэг байгуулан тодруулж, Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнээс асуулга асуухаар тогтлоо" гэв.  


Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Монголын эдийн засгийн бодлого сүүлийн жилүүдэд маш буруу явж ирснээс үүдэлтэй иргэд бизнес хийх ямар ч сонирхолгүй болчихлоо. Бизнесээ зараад гадаадад гаръя гэсэн хандлага бий боллоо. Төр хамгийн сайн, ашигтай гэсэн бизнесүүдийг булааж хийдэг, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, хүнд суртал үзүүлдэг, авлига нэхдэг байдал хувийн хэвшилд ингэж нөлөөлж байна. Засгийн газар 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон гэж мэдэгдсэн. Гэтэл өмнөх онуудын шаардлагагүй хөрөнгө оруулалтыг дуусгахад 5.3 их наяд төгрөг зарахаар болсон байна. Энэ нь инфляцыг өсгөх үр дагавартай ажил болно гэж харж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.