УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри-г албан ёсоор угтан авчээ

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурж, дараа нь дурсгалын зураг татуулав.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар яг одоо Төрийн ордонд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж байна.


Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхах юм.


Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Оюу Толгой” уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж, малчин айлд зочлох юм байна.  


Ташрамд дурдахад, Монгол, Канад улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон. 2001 онд Монгол Улс Оттава хотод Элчин сайдын яамаа нээсэн. Харилцаа, хамтын ажиллагааны хувьд 1990-ээд оноос идэвхжиж, 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Канад Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлэхээр тохиролцсон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж ирсэн.


Канадын Амбан захирагч Дэвид Жонстон 2013 онд, Парламентын Нийтийн танхимын дарга Жеофф Реган 2016 онд Монгол Улсад айлчлал хийж байв.