ТӨСӨВ 2023: Уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт багасаж, эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна

Төсвөөс бусад дотоод эх үүсвэрээр голлон санхүүждэг уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт 2023 онд багасаж, нийт эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна. Иймд тус салбаруудын санхүүжилтийн боломжийг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэйг Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад тэмдэглэжээ.

2021 оны байдлаар гадаадын 2126, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай 554 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан нь өмнөх оныхоос 12 хувиар, цар тахлын өмнөхөөс 10.5 хувиар бага байв. Мөн онд нийт хөрөнгө оруулалтын 58.2 хувийг гадаадын, 12.7 хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, 29.1 хувийг банкны зээл, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн аж. Батлан хамгаалах, төрийн удирдлага, эрчим хүч, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламжаар голлон санхүүждэг салбарын хөрөнгө оруулалт багасаж, уул уурхай, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгджээ.

Монгол Улсад 2000-2001 онд 69.2 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 70 орчим хувь нь уул уурхай, олборлох салбар, 20 гаруй хувь нь үйлчилгээний салбарт төвлөрсөн байна. Нийт хөрөнгө оруулалт 2021 онд өмнөх оныхоос 7.5, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 2.6 хувиар багасав. Үүнд гадаад зээлийн хэмжээ 60 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.