АНУ-ын Иргэн цэргийн дэмжлэг баг Байгаль хамгаалагчдад зориулсан Раллид хувь нэмрээ оруулж байна

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэг баг, Монгол Экологи төв ТББ болон АНУ-ын Спирит оф Америка ТББ-тай хамтарсан түншлэл нь Монгол Улсын байгаль хамгаалагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөх зорилгоор Монгол Улсаар мотоциклтэй аялдаг Ралли арга хэмжээнд хувь нэмрээ орууллаа.

Энэ оны 8-р сарын 16-наас 26-ны хооронд явагдсан Байгаль хамгаалагчдад зориулсан Ралли нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум хүртэл 2,000 гаруй км замыг хамарсан бөгөөд 11 хоногийн хугацаанд оролцогчид бартаа саад бүхий замаар Улаан Тайгын дархан цаазат газар хүртэл аялж, мотоциклуудыг Монголын байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжин тэдэнд хүлээлгэн өгсөн байна. АНУ-ын цэргийн алба хаагчид уг арга хэмжээнд ЭСЯ-ны удирдлага дор ложистикийн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

Раллид дэмжлэг үзүүлэхээс гадна Иргэн цэргийн дэмжлэг багийн зарим гишүүд Хатгал суманд байгаль хамгаалагчдад эрүүл мэндийн тусламж болон амьд үлдэх талаар семинар зохион байгуулав. Тус баг байгаль хамгаалагчдад тохиолдож болох хамгийн түгээмэл эмнэлгийн яаралтай тусламжид чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулсан бөгөөд амьд үлдэх үндсэн иж бүрдэлд багтсан зүйлсийг ашиглан гэмтлийн нарийн, бодит хувилбар бүхий практик дасгалуудаас бүрдсэн хоёр өдрийн сургалтаар амь насанд аюул заналхийлсэн үеийн эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлэх талаар заажээ. Сургалтын дараа байгаль хамгаалагчдад анхан шатны тусламж, амьд үлдэх иж бүрдлийг Спирит оф Америкагийн санхүүжилтээр хандивласан байна.

Энэ мэт иргэн цэргийн арга хэмжээ нь АНУ болон Монгол Улсын түншлэлийг бэхжүүлж, хямралын үед яаралтай хариу арга хэмжээ авахад шаардлагатай ур чадварыг сайжруулсаар байна. Түншүүдтэйгээ Байгаль хамгаалагчдад зориулсан Ралли зэрэг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нь Монгол Улсын онцгой байдлын бэлэн байдлыг нэмэгдүүлэх, иргэн цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ