Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-д хууль бусаар нэгтгэх шийдвэрийг Ерөнхийлөгч Путин гаргалаа. Энэхүү нэгтгэх оролдлогыг бүх нийтийн хуурамч санал асуулгын дараа хийсэн бөгөөд хариуцлагагүй, аюултай байдлыг үүсгэж байна. Дэлхийн бусад орны эсрэг цөмийн аюул заналхийллийг эрчимжүүлэх алхам боллоо.
Европын Холбоо энэхүү хууль бусаар нэгтгэхийг завдсан үйл ажиллагааг эрс үгүйсгэж, буруушааж байна. Крымийг 2014 онд нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөөгүйн адил энэ явдлыг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй. Кремль дахин НҮБ-ын Дүрэм, Олон Улсын хэв журмыг уландаа гишгэж байна.
Украины ард түмэнд хандаж хэлэхэд, Европын Холбоо та бүхний талд тууштай байгаа, тууштай хэвээр байх болно. Та бүхэн эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалж буй юм. Үүгээр ч барахгүй та бидний нэгдмэл үнэт зүйл болох эрх чөлөө, нэр төрийг хамгаалж байна.
Мөн Европын Холбооны иргэддээ хандаж хэлмээр байна. Украин улс, Украин хүмүүс халдлагад өртөж байна. Энэ халдлага нь бидний үндсэн эрх чөлөө, ардчиллын зарчмуудын эсрэг түрэмгийлэл юм. Оросууд Украинчууд руу пуужин харваж, Орос улс Европ руу “эрчим хүчний пуужин”-г бидний эдийн засаг, нийгмийн тогтолцоо руу онилон харваж байна.
Хохирол их байх нь. Эрчим хүч үнэтэй болж байна. Европ дахь айл өрхийн эрчим хүчний төлбөр, хүнс хэрэглээний зардал өсөж байна. Энэ үр дагавар бид бүгдэд удаан хугацаанд нөлөөлнө.
Тийм учраас одоо л Эрчим хүчний шинэ Холбоог үүсгэж, жинхэнэ нэгдмэл стратегитай хөгжүүлэх ёстой. Яагаад гэвэл эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдал, үнийг боломжит хэмжээнд байлгах, уур амьсгалд ээлтэй шилжилтийг хийхэд өөр арга зам байхгүй. Өнөөдөр, шинэ ертөнц эхэлж, бидний олон тулгуур цэгүүд орвонгоороо эргэсэн гэдгийг ойлгох учиртай. Бид энэ нөхцөл байдалтай нүүр тулахаас өөр замгүй.
Орос улс дайны хүчин чармайлтаа арав дахин нэмэгдүүлэх дайчилгаа хийх болсон. Европчууд- бид ч бас дайчлах ёстой. Гэхдээ дайны төлөө биш, харин энх тайвныг сахин хамгаалах, аюулгүй байдлыг хангах, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулахын төлөө дайчлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд, улс төр, нийгмийн удирдагчид: бид бүгдэд хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүрэг бий.
Бид хүчтэй. Бид хамтдаа байх болно. Европын Холбоо шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хамгаалах болно. Хамтдаа дайчилж, хэнийг ч үлдээхгүй. Баярлалаа гэжээ.