Индонезод хөл бөмбөгийн тэмцээний дараа шахцалдаан болсны улмаас 125 хүн амиа алджээ

Индонезын Зүүн Ява мужийн Маланг хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд бямба гаргийн орой болсон шахцалдааны улмаас 125 хүн амиа алдаж, олон хүн бэртжээ.

Тус хотын Канжурухан цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн "Арема" болон Сурабая хотын "Персебая" багуудын хооронд хийсэн тоглолтын дараа эмх замбараагүй байдал дэгдсэн байна.


Талбайн эзэн баг 2-3 онооны харьцаатай хожигджээ. Эцсийн шүгэл дуугарсны дараа тоглолтод сэтгэл хангалуун бус байсан “Арема” багийн хөгжөөн дэмжигчид талбай руу гүйлдэж гарчээ.  

Цагдаагийн ажилтнууд эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Үүний улмаас үймээн сандрал эхэлж, олон зуун хүн цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга руу гүйж, шахцалдаан болжээ. 

Хөгжөөн дэмжигчдийн дийлэнх нь олны хөлд гишгэгдэж эсвэл амьсгал боогдсоны улмаас амиа алдсан гэж мэдээлж байна. 

Цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн нь хүмүүс сандарч үймсэний шалтгаан болсон болохыг Зүүн Ява мужийн цагдаагийн дарга Нико Афинта баталжээ.


Түүний хэлснээр, тоглолтын дараа 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн боловч олон хүн замдаа эсвэл эмнэлэгт очсон хойноо нас барсан байна.

Одоогийн байдлаар 180 шахам хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дийлэнхийнх нь биеийн байдал хүнд байна, амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэж мужийн цагдаагийн дарга мэдээлжээ. 


Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо үндэсний цагдаагийн газрын дарга, генерал Лисьто Сигит Прабовод шахцалдаантай холбоотой мөрдөн шалгалтыг нарийвчлан явуулахыг үүрэг болгосон байна.

Видодо амиа алдсан хүмүүсийн гэр бүр, ойр дотнынхонд эмгэнэл илэрхийлжээ. 

Хөл бөмбөгийн ертөнцөд ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүй гэж найдаж байгаагаа Индонезын төрийн тэргүүн мөн илэрхийлсэн байна.

Тэрбээр Индонезын хөл бөмбөгийн холбоонд (PSSI) аюулгүй байдлын журмыг сайжруулах хүртэл тоглолтуудыг түр зогсоохыг даалгажээ.