Хоёр улсын Төрийн тэргүүнүүд болон Гадаад харилцааны сайд нарын баярын захидлыг харилцан солилцжээ

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн 9 дүгээр сарын 30-нд тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Гэри Коуэнтэй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд уулзаж, хоёр улсын Төрийн тэргүүнүүд болон Гадаад харилцааны сайд нарын баярын захидлыг харилцан солилцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын захидалдаа Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, соёл боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, Австрали Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж, Засгийн газрынхаа Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тусламж үзүүлж ирснийг онцлов.

Австралийн Амбан захирагч ноён Дэвид Хөрли захидалдаа Австрали Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд баяр хүргээд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Австрали Улсад  энэ 9 дүгээр сард хийсэн айлчлал нь хоёр орны улс төрийн оролцоо болон иргэд хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгснийг тэмдэглэв.  

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг захидалдаа энэ онд байгуулсан “Ажиллах болон амрах” визийн санамж бичиг иргэдийн солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг тэмдэглэн Монгол Улс нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн чухал түнш Австрали Улстай цаашид харилцаа, хамтын ажиллагaагаа бүс нутаг, олон улс, НҮБ-ын хүрээнд улам бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн бол Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонг хоёр талын худалдаа, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж буйг онцолж, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 650 гаруй монгол оюутан суралцсаныг захидалдаа дурдсан байна.