Увс аймгийн 0245 дугаар цэргийн албанд энэ сарын 29-ний өдөр 19 настай С модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “19 настай С нь Хөвсгөл аймгаас 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт үхрээ хайхаар хөдөлжээ. Хамгийн сүүлд малын сууринд үүрэг гүйцэтгэж байгаа тухай цэргийн ангидаа мэдэгдсэн. Үүнээс хойш холбоо бариагүй тул цэргийн ангиас уг байлдагчийг 20.00 цагаас эхлэн эрэн хайсан.
Харамсалтай нь, энэ сарын 29-ний 13.00 цагийн орчимд цэрэг С хилийн заставаас 8 км зайд, малын сууринаас 12 км-ын зайд модноос боомилогдсон байдалтай олдсон. Малын суурин буюу хилийн заставтай ойрхон анги учраас цэргүүд уналга, ачилгын морио хариулах зэрэг туслах ажил хийдэг. Малын суурингийн дарга нь төлөв, даруу ааштай хүн байдаг. Уг явдал гарснаас хойш бид ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно.
Бид цэргийн ангид ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Одоогийн байдлаар уг хэргийг Увс аймгийн цагдаагийн дарга шалгаж байна. Талийгчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж байна” гэлээ.
Эргэн сануулбал, энэ он гарснаас хойш цэргийн албанд мордоод, олон цэрэг зуурдаар амиа алджээ. Тухайлбал:
-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.
-Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт иржээ. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
-Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан.
-Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд эндсэн байна.
-Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олджээ.
ХЭҮК-ын судалгаанд өнгөрсөн оны судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна.