Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталжээ

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцээд, нийт 14 саналыг тусган, хавсралтаар баталлаа.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг 6 бүлэг, 21 зорилт, 432 үйл ажиллагаатай байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх гээд 114 төсөл, үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих 95 төсөл үйл ажиллагаа байгаа юм.

Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж буй үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах 40 төсөл төсөвлөсөн аж. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрэлдүүлэхээр 75 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх зэргээр 31 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байв. Намын бүлгүүд, хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухлыг онцоллоо. Энэ үеэр нийслэлийн  цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлснийг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.