С.ЭНХБОЛД: ЦАР ТАХЛЫН ДАРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА, ЭХНИЙ ҮР ДҮНГҮҮД ГАРЧ БАЙНА


“Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү уулзалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Уулзалтад хот ба орон нутгийн  засаг дарга нар, эрүүл мэндийн газрын ба нэгдсэн эмнэлгийн дарга нар, өрхийн эмч нар, судлаачид болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.


Энэхүү уулзалтыг нээж Эрүүл Мэндийн сайд С. Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэхэд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал сувилагч нарыг орон нутагт сувилахуйн сургуультай хамтран бэлдэх ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид бүх аймгийг хамруулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилчдыг Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг нэвтрүүлж  улс орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.



Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг 2015 онд баталж, 2016 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016-2020 онд, 2020 онд шинээр баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын агуулгад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг багтаан тусгаж, 2020 оны 5 дугаар сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.


 


Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн тогтолцоог хамгийн үр ашигтай, чанартай зохион байгуулах гол арга нь “эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх” бөгөөд хэнийг ч үл орхигдуулах, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бодитой болгоход гол хөдөлгөгч хүч нь “анхан шатны тусламж, үйлчилгээ” гэж тодорхойлж, зөвлөж байна.


 


Монгол Улсын хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно” гэж алсын харааг тодорхойлж, монгол хүний эрүүл, урт удаан амьдралын нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилт тавьсан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс “Эрүүл мэндийн хүний нөөцийн дэлхийн стратеги”, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн хүний нөөцийг сонгон шалгаруулах, сургах, тогтвортой ажиллуулах, хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлж байна.


 


2021 оны байдлаар манай улсын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, бусад салбар болох батлан хамгаалах, төмөр зам, шүүх, цагдаа, боловсролын салбарын эрүүл мэндийн байгууллагад нийт 58700 мянган эрүүл мэндийн ажиллаж, Монгол Улсад оршин суугаа 3.3 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд хүн амын хэтийн тооцоогоор аймгуудын хүн амын тоо аажмаар өсөх, 100 мянгаас дээш хүн амтай аймаг 2030 онд 9, 2050 онд 14 болох, 65 ба түүнээс дээш настай хүн амын эзлэх хувь ихэсч, хөдөлмөрийн насны хүн амын тоо тогтмол буурахаар байна.


 


Монгол Улсын хэмжээнд 13473 сувилагч ажиллаж байгаа нь нийт эрүүл мэндийн ажилтны 23 хувь бөгөөд сувилагч нарын  44.1 хувь нь бакалаврын, 49.3 хувь нь дипломын, үлдсэн 6.6 хувь нь туслах сувилагч байна. Сувилагч нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдаг. Цаашид сувилагч нарын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын захиалгаар сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий их, дээд сургуультай хамтарч олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дипломын сувилагч, туслах сувилагч бэлтгэх сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулсан бусад улс орны туршлага болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг улс орон даяар өргөжүүлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бодлогын хувьд нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.


 Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас:

- анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн үүрэг, оролцоог хэрхэн хангах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зааврыг хэрхэн нутагшуулах, эрх зүйн орчинг бэхжүүлэх

- сувилахуйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг орон нутагтай хамтран шийдвэрлэх

- эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын оролцоог хэрхэн уялдуулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрч, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт дэвшүүлсэн зорилтод хүрэх арга зам, шийдлийг хэрхэн сайжруулах

- өнөөдөр болон ойрын ирээдүйд эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийг хэрхэн давах, сорилтыг боломж болгож өөрчлөх чиглэлээр харилцан санал солилцож, хамтдаа хөгжих, бүтээх талаар олон сайн туршлагыг хуваалцаж, гаргасан санал санаачилгаа бодитой ажил хэрэг болгох юм.