ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧУХАЛ ЗӨВЛӨМЖҮҮД


Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Мөн бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны  шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.