Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг осолдсон талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөгт ачаа ачсан “Mongolian Trans Logictic” компанийн вагон замаас гарчээ. Уг осол 00.20 цагт болсон бөгөөд цуваанд явж байсан 17 вагоны 14 нь төмөр замын рельс, 3 нь бетонон дэр ачсан байжээ. Энэхүү ачааг Ханги-Мандалын төмөр замыг тавихад хэрэглэх байсныг салбарын сайд онцоллоо.
Тэрбээр, “Осолдсон вагонд 3 хүн байсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор ЗТХЯ, “Болдтөмөр Ерөө гол” компани, Монголын төмөр зам компанийн хамтарсан баг ажиллаж байгаа. Ерөнхийдөө уг вагон хурд хэтрүүлж замаас гарсан, вагоны машинист нар согтуу байсан гэсэн урьдчилсан мэдээлэл ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, осол бол “Mongolian Trans Logictic” компани, “Болдтөмөр Ерөө гол” компанийн машинист нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой гэж урьдчилсан дүгнэлт гарч байна. Монгол Улсад Улаанбаатар төмөр зам байсан бол одоо Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой төмөр зам, “Mongolian Trans Logictic” компани зэрэг олон төмөр зам бий болсон. Тиймээс эдгээр газрыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлага тулгарч байгаа. Тухайлбал, Монголын төмөр зам нь ТӨБЗГ-т, Зүүнбаян төмөр зас, Тавантолгой төмөр зам нь УУХҮЯ, Эрдэнэс Тавантолгойн харьяанд байдаг гэх мэтээр нэгдсэн бодлого, удирдлага алдагдаж байгаа. Тиймээс сахилга, дэг журам тогтоох, аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ эрчимтэй ажиллана. УИХ-д Төмөр замын тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа бөгөөд уг хийг баталж тусгай агентлаг байгуулах шаардлага бий болж байна” гэлээ.