Германд агаарын бохирдлын улмаас долоон иргэн нэгдэж, Засгийн газраа шүүхэд өгчээ Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, иргэдийн цэвэр агаараар амьсгалах эрхийг зөрчлөө, Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалаагүй хэмээн шүүхэд мэдүүлсэн байна. Тэдгээр иргэд Хүний эрхийн хуульд үндэслэн нэхэмжлэл гаргажээ.
Тус улсад агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс давсан, агаарын бохирдол өндөр оронд тооцогддог байна.
Европын хүний эрхийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сард иргэд агаарын бохирдлын эсрэг шүүхэд хандаж болох талаар мэдэгджээ.
Герман иргэдийн дунд агаарын бохирдлын улмаас эрүүл мэнд нь доройтсон болон хүүхдүүд нь багтраа туссан эцэг эхчүүд байна. Тэд Германы томоохон хотууд болох Берлин, Мюнхен, Франкфурт, Дуссельдорф хотуудад амьдардаг.
Шүүхэд хандсан иргэд хуулиудыг шинжлэх ухааны шинэ нотолгоонд үндэслэн өөрчлөхийг шаарджээ.
Эдгээр хотуудад агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон хүлцэх хэмжээнээс 4-5 дахин өндөр гэжээ.
Волкер Бэкэр-Баттагли Мюнхенд, Германы агаарын бохирдол хамгийн их гудамжинд амьдардаг. Тэрээр “Хүмүүс агаарын бохирдлыг хардаггүй тул энэ талаар боддоггүй. Гэвч энэ нь биднийг алж байна. Манай гэрийн хажуугаар өдөр бүр 150 мянган хүн машинтайгаа өнгөрдөг. Иймд боломж л гарвал би хотоос явдаг” гэж ярьжээ.
Дуссельдорф хотын иргэн Констанзэ “Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд эрүүл өсөх эрхтэй. Хотод амьдарснаар хүүхдүүд насан туршийн өвчтэй болох ёсгүй” гэв.
Шүүхэд хандсан иргэд Засгийн газар агаарын бохирдлын талаар иргэдэд хангалттай сайн мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байна. Тэд нөхөн төлбөр хүсээгүй, харин хариу арга хэмжээ авахыг шаарджээ.
ХБНГУ-д иргэдийн үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц хангах үүрэгтэй тул Цэц хэргийг хэлэлцэнэ. Хэрэв Цэц иргэдийн талд шийдвэр гаргавал агаарын бохирдол улс орныг бүхэлд нь хамарсан асуудал болох нь гарцаагүй. Тус улсын хуульд зааснаар агаарын бохирдол аюултай түвшинд хүрээгүй. Иймд шүүхэд хандсан иргэд хуулиудыг шинжлэх ухааны шинэ нотолгоонд үндэслэн өөрчлөхийг шаарджээ. Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд тэднийг дэмжиж байгаа юм.
Тус улсын Хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллага агаарын чанарыг хянах,
агаар бохирдвол арга хэмжээ авах нь мужийн эрх баригчдын үүрэг гэсэн байна. Мөн тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “ДЭМБ-аас гаргасан зөвлөмж, Европын холбооны агаарын чанарын захирамжийг бид заавал дагаж биелүүлэх үүрэг хүлээдэггүй” гэжээ.
2020 онд Лондоны замын хөдөлгөөн ихтэй дүүрэгт амьдардаг, 9 настай хүүхэд нас барсан. Эмч нар үхлийн шалтгааныг агаарын бохирдол гэж оношилжээ. 2021 онд Францын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж чадаагүй тул 10 сая евро төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Харин Германд агаарын бохирдолтой холбоотой хэргийг шүүхэд анх удаа гаргалаа.
Эмч нар уушгины хавдраар өвдсөн арван өвчтөн бүрийн нэг нь агаарын бохирдлын улмаас өвдсөн гэж үздэг. Мөн шингэрүүлсэн хий унтаж буй эсүүдийг сэрээх замаар уушгины хавдар үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ. Дэлхий дахинд жил бүр 7 сая хүн агаарын бохирдлын улмаас цагаасаа эрт нас бардаг байна.
Эх сурвалж: BBC