Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ


Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нар “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслөө Улсын Их Хурлын даргад өнөөдөр өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг иргэдтэйгээ боловсруулан, хамт өргөн мэдүүлсэн анхны тохиолдол болж буйг арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар мэдээлсэн.

Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр, Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хүний төлөө явахгүй мал, амьтны тухай хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл цөөнгүй гарсан. Амьтныг хайрлах сэтгэлтэй хүн хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Бид эхлээд өөрсдөө сайхан болчихоод дараагийн зүйлдээ анхаарья гэвэл буруу болчихоод байгаа юм. Энэрэнгүй үзэл, хайр гэдэг хэзээд зэрэгцээд явж байх ёстой учир энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцохоор шийдсэн хэмээсэн.

Хуулийн төслийг боловсруулахад “Азтай савар” ТББ-д нэгдсэн олон залуус оролцжээ. “Dparliament” цахим системд байршуулсан хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн санал өгсөн байна.

Дараа нь “Өмгөөллийн легал гайд” ХХК-ийн ажилтан У.Азжаргал, ”Диди лекс” ХХК-ийн ажилтан М.Золзаяа нар хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, хамрах хүрээ, зохицуулах харилцааны талаар мэдээлэл хийсэн. Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.

Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна хэмээн танилцуулгад дурдсан. Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.

Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг байна. Хариуцлагагүй үржүүлэг нь хариуцлагагүй худалдан авах нөхцлийг үүсгэдэг гэлээ. Өөрөөр хэлбэл, амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс нэмэгдсэнээс амьтан гудамжинд хаягдах үр дагавар бий болдог байна. Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.

2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ. Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.

Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөж байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны  асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. УИХ-ын дарга шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцож буй залууст талархал илэрхийлсэн.   Дэлхийн 124 орон гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах, хяналттайгаар үржүүлэх, бүртгэх, худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хуультай байдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсад Амьтны тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан, мөрдөгдөж байна гэлээ. Гэхдээ эдгээр хуульд гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг зохистой ашиглах, мал, гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан, зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах харилцааг зохицуулсан хэмээсэн.  

Улсын эдийн засаг амаргүй, иргэдийн амьжиргаа ч хүнд байгаа одоогийн нөхцөлд юун нохой, муурны тухай хууль ярьж байна вэ. Хүнээ яагаад боддоггүй юм, хүн хамгийн чухал шүү дээ гэсэн яриа хөөрөө гарч болох юм. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсрол зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ  гэж хэлж болно хэмээн УИХ-ын дарга онцолсон юм. Тэрбээр, Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ.  Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна. Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэлээ.

Энэхүү хуулийн төслийг “Dparliament” цахим системд байршуулснаас хойш 100 дахь хоног дээр өргөн барьж байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ 100 хоногт давхардсан тоогоор 25.870 хүн дэмжлэг илэрхийлж, 11.898 хүн хуулийн төслийг үзэж танилцжээ. “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөлтэй холбогдуулан 200 гаруй санал бүртгэгдсэн байна.

D-parliament-д цахим системд 300 шахам хуулийн төслийг байршуулсан бөгөөд нийт хуулийн төслүүдээс хамгийн олон санал авсан нь “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөл болоод байгааг УИХ-ын дарга мэдээлээд, тэдгээр 200 шахам саналыг төсөл санаачлагчийн зүгээс нэгбүрчлэн хүлээж авч, төсөлд тусгах, тусгах боломжгүй, хэлэлцэж шийдэх гэсэн 3 ангилалд хуваасан байгааг танилцуулсан. Мөн “хэлэлцэж шийдэх” гэсэн ангилалд байгаа зарим саналуудаас “D-parliament” цахим систем ашиглан оролцогчдын хамт санал асуулга явуулсан юм.

Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Залуус та бүхнээс энэрэнгүй сэтгэлийг мэдэрч байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр, хуулийн төсөл санаачлан төрийн хэрэгт оролцож, нийгмийн сайн сайхны төлөө санаа чилээж, үнэтэй цаг хугацаагаа зориулж байгаад талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.