Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай өнөөдөр Токио хотноо уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцон хүндэтгэл илэрхийлж буйг дурдав. Мөн тэрээр Ш.Абэ агсан нь Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд төдийгүй Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрхэм гэдгээр түүний гэгээн дурсгалыг Монголын ард иргэд үүрд дурсан санах болно гэдгийг тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайд Ш.Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрээр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, сайд Б.Батцэцэгтэй хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн хэтийн төлөвийн талаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Мөн 2022 онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн X дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахаар санал нэгдэж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тогтов.