Гэрээсээ гараад төөрсөн малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 84 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Малчин П есдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.
Иймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин П /36 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт 4 км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.