ААН-үүдийн 83 хувийнх нь ханган нийлүүлэлт тасалджээ

 Бизнесийн төлөөллийн байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн 8 дугаар сарын 25-наас энэ сарын 4 хүртэл нийслэл, орон нутгийн 1073 ААН-ийн дунд “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-г хийжээ. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79 хувь нь цар тахлын дараагаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21 хувь нь тогтвортой ажиллаж чадахгүй байна гэжээ.

Судалгаанд оролцогч бизнес эрхлэгчдийн 71 хувь зээл авах хүсэлтэй илэрхийлж, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л авч чадсан байна. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна хэмээн хариулжээ.

Бизнес эрхлэгчдийн 96 хувьд үнийн өсөлт сөргөөр нөлөөлж, бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурсан гэж үзжээ. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн, зарим ажлын байраа цөөлсөн байна. ААН-үүдийн 83 хувийнх нь ханган нийлүүлэлт ямар нэг байдлаар тасалджээ.


Судалгааны үр дүнд цаашид:

  • Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох,
  • Тээвэр логистикийн өнөөдрийн нөхцөлийг тогтвортой байдлаар шийдвэрлэх,
  • Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох,
  • Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх,
  • Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх,
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах,
  • Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгийг тодорхойлсныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин сэтгүүлч нарт танилцуулав.