ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаргийн өглөө ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ, хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр холбогдох зарлигт хэдийнэ гарын үсэг зурснаа мөн мэдээлсэн байна.
"Дайчилгааны арга хэмжээ өнөөдрөөс эхэлнэ" гэж В.Путин мэдэгдээд, Украин дахь байлдааны нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрт "бүх нийтийн санал асуулга" явуулахад дэмжлэг үзүүлэхээ амлав. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Орос улсад “дайчилгааны асар том нөөц бий”. Нөөцөд байгаа 300 мянган хүнийг дайчлахаар төлөвлөж байна.
В.Путин:
"Зөвхөн нөөцөд байгаа иргэд, юуны түрүүнд зэвсэгт хүчинд алба хааж байсан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай хүмүүсийг цэргийн албанд татна" гэж В.Путин хэлэв.
Тэрбээр ард иргэддээ хандаж хэлсэн үгээ эхлүүлэхдээ хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлох шийдвэрээ зөвтгөсөн үндэслэлүүдийг дахин давтсан байна. Байлдааны нөхцөл байдлын талаар В.Путин хэлэхдээ, “Бүгд Найрамдах Луганск Ард Улс неонацистуудаас үндсэндээ бүрэн цэвэрлэгдсэн. Бүгд Найрамдах Донецк Ард Улсад тулаан үргэлжилж байна. Энд найман жилийн туршид Киевийн эзлэн түрэмгийлэгчдийн дэглэм урт хугацааны бэхлэлтийн гүн гүнзгий цуваа шугамыг бий болгосон. Тэдэн рүү халз дайрах нь асар их алдагдал хүлээхээр байсан тул манай цэргүүд мөн Донбасс дахь Бүгд Найрамдах Улсуудын цэргийн ангиуд системтэй, чадварлаг ажиллаж, техник хэрэгслийг ашиглан, бие бүрэлдэхүүнээ хамгаалж, Донецкийн газар нутгийг үе шаттайгаар чөлөөлж байна” гэв.
Үүнээс өмнө өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ, БНЛАУ, мөн эзлэгдсэн Херсон, Запорожье мужуудын захиргаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдсэн юм. В.Путин санал хураалт явуулах "аюулгүй нөхцөл" бүрдүүлнэ гэж амласан байна. Оросын цэргүүд эдгээр нутаг дэвсгэрийн зөвхөн зарим хэсгийг хянаж байгаа юм.
Тэрбээр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа явуулах Батлан хамгаалах яам, Ерөнхий штабын саналыг дэмжихээр шийдсэн гэж иргэддээ мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр “хэсэгчилсэн” гэдгийг дахин онцлон тэмдэглэсэн байна.
“Цэргийн албанд дуудагдсан хүмүүс анги руу илгээхээс өмнө цэргийн тусгай ажиллагааны туршлагыг харгалзан цэргийн нэмэлт сургалтад заавал хамрагдана" гэж В.Путин хэлжээ.
Үгийнхээ төгсгөлд В.Путин цөмийн аюулын тухай сэдвийг хөндсөн байна. “Биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлэхийг оролдож байгаа хүмүүс салхины чиг тэдний зүг эргэж болзошгүй гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.