Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ.
Санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах аж.
Дээрх мэдэгдлийн дараа Украины эрх баригчид, Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, БНДАУ, БНЛАУ, Запорожье, Херсон мужууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч Киевийн байр суурь, үүрэг даалгавар өөрчлөгдөхгүй хэвээр байна гэсэн байна.
Украины эзлэгдсэн бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах гэж буйтай холбогдуулан ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель уриалжээ.