НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд зэрэгцэн нүүрлэж буй олон хямрал тогтвортой хөгжлийн зорилгод товлосон хугацаандаа хүрэхэд аюул учруулж байгааг анхааруулаад, дэлхий дахиныг “хэвийн голдиролд нь эргэн оруулах” хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Тогтвортой хөгжлийн зорилгод гол анхаарлаа хандуулдаг “SDG Moment” арга хэмжээний үеэр тэрбээр хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл, үл итгэлцэл, хуваагдал, ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, мөн хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа зэрэг нь тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэх боломжийг улам бүр хязгаарлаж байгааг цохон тэмдэглэсэн байна.
“Хөгжлийг, хүүхдүүдийн боловсролыг, хүйсийн эрх тэгш байдлыг хойш тавьж болохгүй” гэдгийг НҮБ-ын тэргүүн онцлоод, эрүүл мэндийн цогц үйлчилгээ, цаг уурын ач холбогдолтой шийдвэрүүд, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хойшлуулж болохгүй гэдгийг анхааруулжээ. Мөн залуучууд, ирээдүй хойч үеийнхэн шийдвэртэй алхмуудыг шаардаж байгаа энэ цаг үед дэлхий дахинд “хийх шаардлагатай зүйлс”-ийн асар урт жагсаалт бий гэдгийг сануулсан байна.