Япон улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонг Ц.Даваадоржид гардуулжээ

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржид 2022 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг өчигдөр Японы Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа.

Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши “Япон, Монгол дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж "Мандах нар"одонгийн "Хүзүүний тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонгоор шагнуулсанд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Даваадорж захирал 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан 1993 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутнаар эдийн засгийн судалгааг гүнзгийрүүлэн судлахаар Шигагийн их сургуульд эдийн засгийн магистр, улмаар Киотогийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессорын хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Түүний дараа Монгол Улсын Их Сургуулийн дэд захирлаар амжилттай ажиллахын зэрэгцээ 2002 оноос 2011 он хүртэл Япон, Монгол хоёр орны харилцааны нэгэн бэлгэ тэмдэг болох Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн дэд захирлаар, 2012 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллахдаа Монгол дахь япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Таныг чин сэтгэлээсээ хүндэтгэж бас бахархаж байна. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье” хэмээгээд шагналыг гардуулав.