“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлжээ

 “Намрын ногоон өдрүүд” 17 дахь үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Үзэсгэлэн худалдаанд нийслэл хот, орон нутгаас 400 гаруй төлөөлөгч 2000 гаруй бүтээгдэхүүнээ 350 цэг, лангуугаар борлуулж байна.

ХХААХҮ-ийн салбарт нийт ажиллах хүчний 50 хувь нь ажиллаж, ДНБ-ий 30 хувийн бүрдүүлж байгаа. Дотоодын хүнсний ногооны үнийг импортын үнээр унагааж байсан цаг үе ард хоцорсныг ХХААХҮ-ийн сайд Болорчулуун онлооод, “Технологийн хугацаанд хүнсний ногооны үнийг 10 гаруй хувиар багасгаж, хүнсний зарим ногооны үнийг үе шаттайгаар бууруулж, 125 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Шинэ техник техологи ашиглан, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн бий болгох нөхцөл бүрдүүлэхийг салбарын сайдын хувьд зорино. Зөвхөн намрын өдрүүдэд бус жилийн 4 улиралд ногоон байхын төлөө ажиллана” хэмээлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тэмдэглэхдээ, “Даяаршлын энэ үед амьдралын хэв маяг улам харилцан хамааралтай болж байна. Хүнсний аюулгүй байдал, хүнсийг хаягдалгүй хураах, хадгалах, биологийн олон янз байдлыг хүний нөлөөллөөс хамгаалах, эрүүл хооллох зэрэг үйл ажиллагаа хамгийн чухал болоод байгаа. Бид хоорондоо холбоотой учир энэ өөрчлөлтөөс хэнийг ч орхигдуулж болохгүй. Манай байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлийн дутагдлыг арилгахаар хамтран ажиллаж байна. Хүнсээ хэрхэн боловсруулж, хурааж, түгээж, хэрэглэж байгаад анхаарах хэрэгтэй”-г дурдсан юм.

ХХААХҮЯ, НЗАА, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн банк, АХБ хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.