"Өргөө" амаржих газарт төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лаборатори өнөөдөр нээлтээ хийлээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр ЭМЯ-наас хийж буй ажлын хүрээнд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангах асуудлыг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэж буй. Тус ажлын хүрээнд ЭМЯ-наас хүсэлт тавьсны дагуу НҮБХАС, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношилгоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
Энэ хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь” төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхийн Молекул биологийн иж бүрэн 3 лабораторийг Улаанбаатар хотын Өргөө, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх ажил явагдаж байна. Уг лабораторийн иж бүрдлийг дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатай нийлүүлж байгаа бөгөөд "Ковид-19" халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлж буй юм.
Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.Мөн үүний дагуу молекул биологийн оношлогоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна. Дашрамд дурьдахад дараагийн ээлжинд ЭМЯ зүгээс хотын амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.