Румын улсын Мамаиа хотод 9 дүгээр сарын 05-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "2022 оны өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ий 15-16 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.
Д.Мөнхзул өдгөөгөөс 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан юм.
Дэлхийн хошой аварга болж, Олон улсын мастер цолны болзол хангасан Д.Мөнхзулын олон улсад үзүүлсэн амжилтууд:
-2014, 2022 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга
-2017, 2018 оны Сурагчдын дэлхийн аварга
-2014, 2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга
-2015, 2019 оны Сурагчдын дэлхийн аваргын Мөнгөн медаль
-2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож маш амжилттай тоглосон.
Дэлхийн шатрын холбооны мастер /WFM/ Д.Мөнхзул нь 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаараа Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаж цолоо ахиулж байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо