Хэрэв Хятад улс Тайвань руу халдан довтолбол АНУ арлыг хамгаалахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр энэ тухай “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Америкийн удирдагч хэлэхдээ, Вашингтон хэдийгээр Тайваньтай хамтран ажиллаж байгаа боловч Хятадаас тусгаар тогтнохыг нь дэмжихгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.
Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хороо Тайваньд 4.5 тэрбум ам.долларын цэргийн тусламж олгох тухай хуулийн төслийг баталсан юм. Уг хуулийн төслийн дагуу хөрөнгийг дөрвөн жилийн хугацаанд хуваарилж, цэргийн худалдан авалтад хоёр тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний зээлийн баталгааг олгоно. Тайвань мөн "НАТО-гоос гадуур АНУ-ын гол холбоотон" гэсэн статустай болно.