“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” болж байна

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 13 цагт албан ёсоор нийслэлийн төв талбайд эхэллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай зохион байгуулж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ажиллаж буй юм.

 УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн номын баярын үеэр “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. Энэ хүрээнд шагнал хүртсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч С.Үүрийнцолмон “Номын сайн нөхөр уралдааны шилдэг уншигч сурагч боллоо. Ном уншсанаар үгийн баялаг сайтай болдог. Мөн ном уншдаг, уншдаггүй хүүхдүүд маш их ялгаатай байдаг. Уншигч хүүхдүүд эерэг сэтгэлгээтэй, аливаа зүйлийг хурдан ойлгодог. Миний хувьд уран зохиол, шүлгийн ном унших дуртай. Зохиолч Ш. Гаадамбын зохиолуудыг шимтэн уншдаг” гэлээ.

Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч И.Дөлгөөнтамир “Ном миний салшгүй хэрэглээ болсон. Сургууль, анги, гэртээ, гадуур гарахдаа дандаа номтой явдаг. Би адал явдалт зохиол, хувь хүний хөгжлийн номд маш их дуртай. Уншсан ном болгон  дүгнэлт хийн ирээдүйгээ тодорхойлдог. Шилдэг уншигч болсондоо маш их баяртай байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд гар утаснаасаа илүү номтой нөхөрлөөрэй. Утсыг ч бас ном болгон ашиглах боломжтой шүү. Битгий залхуурч, хойш суугаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Номын баярын үеэр номын худалдаанаас гадна монгол бичиг соёлоо сурталчлах, зохиолчидтой уулзах, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Улсын Алдарт Гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн-номын нээлтэд оролцох, хэвлэн нийтлэгчдийн санал бодлыг сонсох боломжтойн дээр номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна.

Намрын номын баярт нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР