“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тэмдэглэхээр болжээ

 “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд бямба гарагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Сэлбэ голын эргийн дагуу газруудыг цэвэрлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилж, БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Франц улсын ЭСЯ, олон улсын “Каритас Чех Репаблик” байгууллага, “Төвшин сайхан мөнх”, “Өнгө нэм”, тогтвортой хөгжлийн "Амгалан дэлхий” зэрэг ТББ хамтран оролцох нь. 

Мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Туул голын сав газрын захиргаа, “3R4UB” төсөл, Голомт банк, “ROC” кофе шоп, “Шкаф”, “Хурын шим” ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх “Эко гивт” комдани, Монголын хог хаягдлын менежментийн цогц нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн 29 дугаар хороо хамтран ажиллах юм.

Мөн энэ өдөр дахивар нөөцийг ангилан ялгаж, иргэдийн гэртээ болон ажил дээрээ ангилж хураасан дахивар нөөцийг хүлээг авч дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгөх, хуучин хувцас хэрэглэлээ солилцох, хандивлах зэргээр өнгөрөөх аж.